mn
  • en

МОНГОЛ ДЕРБИ

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮНД, ХЭЦҮҮ МОРИН УРАЛДААН

Play with sound

“Монгол Дерби” Уралдаан

Монголын морин өртөө нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрний зүрх судас нь байсан ба Чингис хааны үед энэхүү хүчирхэг морин элчийн систем нь манай гаригийн талыг холбож байв. Бид энэхүү эртний сүлжээг дахин сэргээж дэлхийн хамгийн урт, адал явдалт морин уралдааныг арав гаран жил зохион байгуулж байна.

Та Монголын тал хээр нутагт 1000 км–ийн зайнд, 35 км тутамд морио сэлгэн уралдах болно. Ийнхүү уралдах явцдаа та зүг чигээ өөрөө олон, малчдын дунд амьдарч, өөрийн ухаан, ур чадвараараа эрсдлүүдийг даван туулж, унаж яваа мориныхоо хамтаар хатуу ширүүн болгоны эсрэг зогсох болно.

Энэ бол дэлхий дээрх хамгийн урт бөгөөд хамгийн хүнд, хэцүү морины уралдаан юм. Тиймээ энэ бол “Монгол дерби” юм.

1500-н Монгол Адуу

Бид “Монгол Дерби” уралдаанд зориулж жил болгон 1500 орчим Монгол адууг мал эмнэлгийн үзлэгт оруулан, бэлтгэж сургадаг. Ингэхдээ морь тус бүрийг бүртгэлд оруулан, уралдааны өмнө нарийн үзлэгт хамруулдаг. Морьдыг 35 км-т унагдахаас нь өмнө мөн унагдаад дараагийн өртөөн дээр ирэхэд нь дахин шалган үзлэгт оруулдаг. Унаж ирсэн морь нь үзлэгээр орж тэнцсэн тохиолдолд л унаач цааш уралдаанаа үргэлжлүүлэх эрхтэй.

Монгол адуу нь манай унаачдын унаж заншсан адуунаас биеэр жижиг боловч, үнэхээр гайхалтай агуу хүлгүүд юм. XIII зууны Монгол адууг тив хоорондын сөнөөгч пуужингуудтай харьцуулж болох юм. Учир нь тэд Монгол дайчдыг дэлхийн тэн хагаст дэлэн дээр тээж явсан шандастангууд юм. Жижиг давжаа биетэй ч хөл чангатай, хангал, хүдэр чийрэг, итгэмээргүй тэсвэр тэвчээртэй энэхүү Монгол хүлэг морьд хэдэн зуун жилийн туршид өмнөхөөсөө нэх их өөрчлөгдөөгүй.

Тал нутгаар тархсан 3 сая гаруй морьдын ихэнх нь унаж эдлэгдэхгүй, хагас зэрлэг байдалд сүрэглэн бэлчдэг. Зуны улиралд +30°C,  өвлийн улиралд -40°C хүртэлх темпаратурт өөрсдөө өвс тэжээл, уух усаа олж уудаг бөгөөд эзэд нь нэмэлт тэжээлээр бараг л тэжээдэггүй.

Уралдааны Зам Маршрут

Энэ бол хөтөчтэй эсвэл байдаг нэгэн энгийн морин аялал биш юм. Зүг чигийг тодорхой зааж өгсөн зураг, пакеталсан өдрийн хоол, унтах ор байхгүй. Уралдааны гол агуулга нь юу вэ гэвэл та зөвхөн өөрийнхөө унаж явах морьныхоо хамтаар Монголын хээр талыг туулах явдал юм. Уралдааны маршрутын туршид 28 морин өртөө байх ба өртөө хоорондын зай нь ойролцоогоор 35 км-ийн зайтай байх бөгөөд өртөө болгон дээр та морио сэлгэж унаж уралдааныг үргэлжлүүлнэ. Ингэхдээ та унаж яваа морио өөрийн морь шиг хайрлаж, бие эрхтэнг нь гэмтээхгүйгээр дараагийн өртөөн дээр унаж ирэх ёстой. Харин өртөө хоорондын зүг чигээ яаж олж очих нь таны адал явдлын эхлэл байх болно.

Бид “Монгол Дерби” уралдааны маршрутыг олон сарын турш төлөвлөн, олон удаа явж шалгаж үзсэний эцэст гаргадаг бөгөөд энэхүү зам нь морь унахад тохирхуйц байхаас гадна таны сэтгэлд хоногшихоор өндөр даваа, өргөн хөндий, ой модон толгодууд, гол ус, намгархаг газар, элсэн манхад, мөн мэдээж уужим сайхан хээр талууд байх болно.

Тусламж Дэмжлэг

“Монгол Дерби” нь адал явдалт уралдаан учраас бид таныг аль болох биеэ даан өөрийгөө авч явахыг хүсэх болно. Таньд ямар нэгэн асуудал гарахгүй, бүх зүйл тань хэвийн явагдаж байгаа бол таны ойролцоо байнгын ажиллаж байгаа тусламж, дэмжлэгийн багийнханыг та анзаарахгүй. Энэхүү тусламжийн баг бүрэлдхүүнд, хээр талаар тоос татуулан давхих уралдааны баг хамт олон, уралдааныг 24 цагийн турш хянаж байх удирдлагын багийнхан, таны байршлыг байнга харуулж байх сансарын хиймэл дагуулын байршил тогтоогч, шандаст хурдан хүлгүүдээ туун авчрах уяач малчид нар байх бөгөөд тэд бүгд хамтын хүчээ нэгтгэн “Монгол Дерби” уралдааныг тасралтгүй зохион байгуулахын төлөө таны ойр хавьд ажиллаж байх юм.

Бид бас асар арвин туршлагатай Монгол, гадаадын хамтарсан малын эмчийн томоохон багуудыг бүрдүүлсэн байх бөгөөд тэд морьдын аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс таны унах морьд бүрийг унахаас нь өмнө мөн унагдаж ирсэнийх нь дараа заавал үзлэгт оруулж байх болно.

Түүнчлэн манай чадварлаг хүн эмнэлгийн багийнхан уралдааны туршид бэртэл гэмтэл гарах аваас яаралтай очиж зохих арга хэмжээг авч ажиллахад бэлэн байх болно.

“Монгол Дерби” уралдаан нь зөвхөн 40 унаачдыг уралдуулахын тулд 500-гаад хүний хүч хөдөлмөрийг шингээсэн томоохон үйл ажиллагаа юм.

Түүх

“Морины дэлэн дээрээс дэлхийг дайлах амархан…” хэмээн Чингис Хаан хэлсэн байдаг.

Тэртээх 1224 онд мянганы суут хүн Их эзэн Чингис хаан дэлхийн хамгийн анхны холын шуудан харилцаа холбоо хүргэлтийн системийг үүсгэн байгуулсан байдаг. Асар урт морин өртөөн сүлжээг дамжин түүний элч нар нийслэл Хархориноос, Каспийн Тэнгис хүртэлх замыг хэдхэн хоногийн дотор туулдаг байсан. Энэхүү хурдан шуурхай харилцаа холбоо нь Монгол дайчдын тактикийн асар том давуу тал байсан гэж үздэг.

Их хааны зарлигийг биечлэн тээж яваа элч нь зогсолтгүй давхидаг байсан ба бүсэндээ “Гэрэгэ” хэмээх төмөр эсвэл алтаар хийгдсэн пайзыг зүүж өөрийгөө хэн гэдгээ таниулдаг байжээ. Элчүүд өртөөн болгон дээр морио сэлгэн давхин оддог байв. Тэднийг байгаль дэлхийн ямар ч үзэгдэл, өлсөлт цангалт ч зогсоодоггүй байв. Холбоо шуудангийн энэхүү гайхалтай морин өртөөн сүлжээ нь 1950-иад он хүртэл үргэлжилсэн байдаг. Харин одоо таньд зориулж дахин сэргээгдээд байна.